АЙЛУУД НҮҮЖ БАЙГАА

Айлууд нүүж байгаа. Өвөлжөөнөөс хаваржаа руугаа нүүж байгаа. Уулнаас бэл рүү, урц гэрээ зөөж байгаа. Нар битүү хөдөлсөн тэд цас битүү хөдөө зоогоор адуу малын чийр татуулан урагшилж, анхны төл малчны өвөрт, тэмээний бөхөн дэх хурганы уутанд жаврын ааг зөөгштөл майлж яваа. Эх нь төлийнхөө дуу аваад сүргээсээ хоцорч хургасхийгээд, "аан чиний өвөрт байгаа юм уу" гэх шиг сүрхий гэгч нь нэг харснаа сүргийнхээ хойноос шилбэндээ цасны цой шаргиулан хатирч байгаа. Мал туугч бээр өврөөсөө нялх төлийг гарган эхэд нь нэгэн хоёр үнэрлүүлээд, төлөөр нь эхийнх нь дэлэнг нэгэн хоёр нудчин дэхүүлээд буцаан өвөртлөөд эхийг нь сүрэг рүү нь хөөнө. Явахгүй шинжтэй бол хий айлган чулуу шүүрэн хөндийхөн хаяж айлгаад явуулна. Эх үр хоёр энэ л тууврын замд нэг нэгэндээ хэчнээн хайртайгаа, нэг нэгэндээ хэчнээн хэрэгтэйгээ. Нэг нэгэндээ ганцхан гэдгээ сэтгэлийн угтаа төхөөрч байгаа. 

Хүн, мал бараадан хэрээ шаазгай чулуун дээр бууж хүлээн хүлээн бас тал руу бууж байгаа. Уулын чоно, ирвэс, аргал янгир бас тэднийг бараадаж өндрийн шил дамжин доошилж байгаа. Хойлог малчдын ар дээр шахуу исгэрээн сонсдож байгаа. Ятуу шувууд эзгүй ууланд үлдэхээр уйдаад, явгалан гүйлдсээр мөн хөндий рүү орно. Ургамал цэцгийн үр чиг малын хөлөөр нүүгээд өндрөөр ургадаг өвс ургамал  эсэргэн хавар бэл талд ч мөн ургадаг болдог. Малчин нүүхээр малчин л нүүдэггүй. Энэ газар орны юм бүхэн нүүдэг.  Өв соёл хамт нүүдэг. Дуу хуур хамт нүүдэг. Ан амьтан, араатан жигүүртэн нүүдэг. Газар орноо амар амгалан, чимээ аниргүйд нь үлдээдэг. Ус гол бас удахгүй гэсээд мөдхөн тэдний хойноос урсаж эхэлдэг.  Өмнөх, хойтох хоёр амны ус хөхөмдөг зэрэглээтэй наана цаанаа орж ноцолдон тоглосоор бэл рүү ороод ирэх цаг мөдхөн. Тэр голд бүүр холоос шувууд ирж зусна.Алчуур эрүүвчлэн боосон эмэгтэй ачаагаа хөтлөн, алсын харгуй ширтэн морин алхаанд амсхийж яваа. Бодол болно яваа. Анхны учрал, энэ нутагт бэрлэж ирсэн эхний намраа, тэр намар өдөр шөнө хоёр орсон их бороог, тэр борооноор зутарч ижий аавыгаа гэнэтхэн учиргүй санаснаа бодно бодно алхуулж яваа.  Шигэр шигэр эгшиг сугсрах мориндоо тэр, айлд мордоход нь аав нь бэлэглэсэн монгол эмээлээ тохсон байгаа. Эмээлийнхээ ганзагаар, ижийнхээ оёж бэлэглэсэн ширэн богц дарсан байгаа. Тэр богцонд ижий нь элдэв зүйлийн гоёл чимэг, торго дурдан, элдсэн хурганы арьс, дүүргэн хийсэн байсныг ч санаж яваа. Энэ нүүдлийн зам их бодлын зам билээ.  Тэгээд тэр аав ижийгээ санахдаа "Уралдаанд шөвөглөгч уудам холбоо мэнгэт халтар" дууг аялах гэж нэг үзээд, больж байгаа. Унаж яваа хүлэг нь болбоос холыг хараачлан жигч сэтгэл үүсгэн, чихээ хатгаад жигд алхаахаар түүнийг энэ нүүдлийг замыг хагалан хөтчилөн яваа. Алтайн ууланд хавар ирэх сайхан. Агь шарилжны үнэр цасан доороос сэнгэнээд.  Анхилуун тансагхаг үнэр дотор нүүж яваа малчидын сэтгэл тэгширнэ. Хар Ус нуур тэртээ доор мөсөн хэвнэгтэй цэнхэртэн цайраад унаад ойчвол тосоод авах юм шиг уудамхан. Үдийн Алтайн сугаар хүйтний хөө татаад. "Үүлэн дунд харагдагч Үзэсгэлэнт өндөр Алтай" "Найман тивтэй сүмбэр уул" -ыг  дуулмаар басхүү уярал төрмөөр хаврын ийм өдөр л малчид хаваржаандаа бууж байгаа. Өдөр гэдэг чинь ганц цайгаар барахгүй тавиухан, эн ахиухан тавьсан дээл шиг юм юм багтаж болмоор уужимхан, шингээцтэй. Хүмүүс өдөр уртсаад овоохон ажил амжуулж болохуйц болж гэж ярилцсаар хаваржаандаа төвхнөж буй. Жаргалант хайрханы дээгүүр хотоос ниссэн онгоц сувд адил өтгөн цагаан утаа татуулсаар үүлэн рүү дүнгэнэн шургаад Д.Нацагдоржийн "Үзэгдээгүй юм" өгүүллэг санаанд ормоор хаврын ийм л өдөр айлууд уулнаасаа нүүж байгаа, урц гэрээ ачаалаад хаваржаанд бууж байгаа. Уяаны шон дээр морьдоос урьтаад сайн хэлт шаазгай суугаад малчид ирж байгааг зарлан шагширч байгаа. Хэрээ бас түрүүлч ирээд хашаа, хорооны хөх чулуун дээр сангасаа унаган мөдхөн ирэх хүн, малаа хүлээн өвгөн настай хүн шиг бөгтийн суугаа.Мө.Батбаяр

Сэтгэгдэл хэсэг