МӨ.БАТБАЯР: ГУУЛИН УЛСЫН ТЭМДЭГЛЭЛ-2

Олон улсын зорчигчид орох хаалган дээр ажлынхан маань ард үдэн үлдэж би орлоо. Миний хойно хоёр ойтой болов уу гэмээр хүүхэд өвөө эмээ рүүгээ зүтгэж чарласаар, аав нь юм байлгүй нэг эрд аргадуулж тэврүүлсээр дуугаа хадаасаар бас орлоо. Үдэгч хоёр настан араас нь өмөлзөж хүзүү сунган хүмүүсийн зайцаар ачыгаа дагуулж харсаар бас хоцорлоо. Хоргодол, ээнэгшил дунд олон олон хүн энд салж байна. Чиглэл чиглэлийнхэн дундаас Солонгосынх эх нь хаана, адаг нь хаа гэмээр онцгой урт очертой. Чүү ай цагтаа амжин юутай ч шалгуулж ороод, онгоцондоо суулаа. Өнөөх жаалын дуу онгоцны бүхээгт хадсаар. Онгоцонд суусан биш уйлах нь бүр гаарлаа. Ёстой чиг хоолой мэдэн, хөвч байдаг бол таслая гэж байх шиг л орилно. Хүмүүс суудлаа эзэлж, хөөрөх цаг болсныг мэдээллэнэ. Гэвч надтай суудал хувааж явах зорчигч байдаггүй. Өнөөх хүүхэд орилсоор. Аюулгүй байдлын талаар мэдээлэл үзүүлж, байсхийгээд анхууралах зөвлөмж хүргэнэ. Хажуу суудлын хүн ирээгүй л. Хоцорч дээ гэж бодогдоно. Цонхны цаана хүйтэн цагаан гэгээ гийжээ. Гэрэл унтраастай бүхээгт хүүхдийн чарлан уйлах дуу хадна. Хүмүүс бараг бүрджээ. Хөөрөх цаг ч болж. Хажуу хүн аанай л бараа сураггүй. Бүх хүн ачаа тээшээ байрлуулж жин тан болоод байхад миний дэргэдэх хүн л алга. Энэ олон дундаас ингээд би ганцаараа хажуудаа хоосон суудалтай явдаг юм байжээ гэж бодож суутал цал буурал толгойтой эмээ хоёр гар дүүрэн тортой юм чирч хойно нь дунд насны эр бас хоёр гар тээш барьсаар ирлээ. Эмээ хайрцагтай “Эдэн” архи торлон барьжээ. Ингээд хүн бүрдэв бололтой. Эмээгийн ачаа тээшийг дээшээ хийж өгөөд бид суулаа. Энэ жил дал хүрч байгаа гэнэ. Бага хүү нь Солонгосын нэг хотод монгол хоолны газар ажиллуулж эхлээд байгаа бөгөөд шинэ жил ойртсон тул монголын идээ цагаа, архи дарс туйлын хэрэгцээтэйгээс зөөж яваа нь энэ аж. Хэдэн шил архи, хэдэн хайрцаг тамхи тариаг нь ч атугай дөхүүлж яваа юм биз дээ. Ёстой нөгөө найман настай балчираас наян настай буурал хүртэл Монголоос Солонгос руу явж байгааг эндээс харж болохоор. Нялх нярай нь эмээ өвөө дээрээ өсөөд бараг танихгүй шахуу эцэг эх рүүгээ уйлан хайлан явж, настан буурал нь үр хүүхэддээ гар зуурын юм дөхүүлэхээр мөн явна. Үүний дунд идэрмэг залуу насны би ч сууж явна. 

Инчеоны нисэх буудлаас манай аялалын төслийг санаачлагч сэтгүүлч А.Навчаа, найзын  хамт намайг тослоо. Бид гурав “амьжиргаа цагаан”-ны бүхээгт суугаад Инчеон-Сөүлийн замаар хурдлуулна. Хамт тоссон найз энд арван таван жил болж байгаа болохоор энэ хавийг арван хуруу шигээ, алган дээр байгаа юм шигээ мэднэ. Түүнийхээ зах зухаас надад хэлж ярина. Энэ хүн бол хожим миний өгүүлэх түүхийн гол дүр болохоор энэ өдөр тутмын тэмдэглэлдээ дурдах төдийгөөр ингэсхийгээд орхиё. Аяндаа би тусдаа бичвэрээр хүргэмц. Бид гурав Сөүлд нээгдээд буй UB лоунж нэртэй монгол хоолны газар ирж цайлаад аян замын сонин хачин ярилцаж хэсэг суув. Энэ газрын эзэн Даваа ах Японд ч япон хоолны газар ажиллаж явсан. Туркт ч турк хоолны газар тогооч хийж байсан арвин туршлагатай хүн юм байна. Энд ойрын хэдэн жилээс өөрийн монгол хоолны газраа байгуулаад өөрөө ахлах тогоочоор ажиллаж буй юм байна.  Тэндээс миний амьдрах айл руу явлаа. Намайг байх суух газар эрж хайж сандарч явахад минь орон гэртээ зочлуулж Сөүлд байх хугацаандаа манайхаар байгаад юм хүмээ л сайн бич гэж сэтгэлээ дэлгэсэн ачтан билээ. Найзынх маань метроны дөрөвдүгээр шугам Канбүггүд байх. Кангбүг  хэмээх нь голын хойд хэсэг гэсэн утгатай үг гэж надад тайлбарлаж өглөө. Эдний эргэн тойронд идэш уушийн газар тоймгүй. Өдөр нь элим жилэмхэн байснаа нар жаргаснаас хойшоо бум бужигнаж эхэлнэ. Хятад шорлогны газар, япон рамены газар, Хонконг, Тайваны, заа тэгээд мэдээж Солонгос уушийн газар, гудамжны хоол, далайн гаралтай амьтдын хоолны газар, баншны кафе, могой загасны газар гээд тоочоод барах юм биш. Зам руу тулгаж тавьсан шилэн хоргонд олон төрлийн загас нүдээ бүлтэгнүүлэн сэлнэ. Энэ тухайгаа мөн л хожим бичих бичвэртээ тухайлан оруулах тул энд дурдаад өнгөрье. Ер нь л ирээд эхний өглөөгөө угтаад сууж байгаа болохоор харсан үзсэн юм хомс. 

Өнөөдөр уг нь амралтын өдөр. Гэхдээ энд буй манайхны хувьд ид ажиллах өдрүүд нь найз лав хар эрт босоод л ажилдаа алга болж өглөө. Би унтаад үлдэлгүй хаачхав. Дугхийж нойр авчихаад босож аваад өчигдөр орой надад зааж өгсөн кофе шопоо хайгаад гарч өглөө. Шөнө түм түжигнэж байсан газар нам гүм. Урд хойно бөгс эргэх зайгүй бужигнаж байсан ул мөрөөс өөр юмгүй. Эрт онгойно, юм бичээд суухад тохиромжтой анир гүм гэсэн кофены газраа хайгаад хатирч өгөв шүү. "Чи мөн олно байхдаа" гэсэн шиг адилхан адилхан нарийн гудамжуудыг өгсөж уруудаад яваад л байлаа, яваад л байлаа.

Дугаар авч амжаагүй болохоор маф ашиглах боломжгүй, холбоо сүлжээний хомсдолтой. Гэрээсээ холдоод тойрчихно гэж санаалаад бас ч хаа хамаагүй холдчихож чадахгүй доороо шахуу эргээстэй. Тэгж эргүүтэж явтал тэнэг хүнийг тэнгэр ивээн гэж замын цаана Старбакс “ногоорч” байдаг байхаа. Гүйж ороод суугаад авна биз дээ. Аяга халуун лате захиалчихаад үүнийг бичиж суугаа маань энэ л дээ. Монголд маск зүүхээ болиод удчихсан би түүндээ дасчихсан болохоор юм л бол амны хаалтаа нэг бол авчих гээд нэг бол мартчих гээд байх янзтай. Энд харин салаагүй. Маскгүй явбал торгуультай гэж байгаа. Кофены газар суугаа хүмүүс амны хаалтаа түргэхэн доошлуулж борголоосоо нэг балгаад буцааж татах. Эд нар ч угаасаа малгай духдуулж нүүр царайгаа нууж хаах дуртай улс юм. Тиймдээ ч тэр үү маск зүүх ч дуртай байгаа гэж бодлоо. Намайг амны хаалтаа аваад кофегоо тааваараа уугаад суухаар нүдний булангаар харж ойр зуураа шивэр авир хийнэ. Энд бас тамхины хуультай ч юм шиг, хуульгүй ч юм шиг хачин. Зориулалтын бус газар тамхи татвал өндөр торгуультай гэх. Тэгсэн атлаа тамхины цэгүүд нүдний гэм. Хогийн сав бараадаад болгочихъё гэхнээ ч олдохгүй. Кофены газрууд нь тамхины өрөөгүй. Сайхан кофе аягалуулж аваад тамхи баагиулаад суух, зогсох газар олдохгүй тэвчээр алдуулна. Улаанбаатарынхаа сайхан сайхан тамхины өрөөтэй кофены газруудаа үгүйлнэ. Манай Кафе-9 энэ тэрийн тамхины өрөө бол ээ дээ бас л униартуулдаг сан. Сайхан шүү, тэр өрөөнд нь юм бичиж орчуулж суухад. Торгуультай гэх атлаа энэ хавийн уушийн газруудын үүдэнд залуус нь зэрэг зэрэг баагиулж гарна. Тамхины ишээ зам дээр жишимгүй хаячихна. Тамхины иш хийдэг халаасны хэтэвч байснаа хаячихаад ирсэн нь буруутлаа. Өглөөний Старбакс хүн дүүрэн. Гурван давхар дүүрэн хүн. Тэдний дунд би сууна. Монгол гэж улс байгаад тэнд нь Тагтаа гэж паблишинг байгаад тэр газрын орчуулагч зохиолч нь би гэдгийг бас миний төрсөн гэр Ховд нэртэй аймгийн Манхан нэрт сумын Жаргалант хайрхан нэртэй ууланд байгааг тэр уулаас  өдгөө Хар-Ус нуурын мөсөн мандал том цэнхэр толь шиг гялбалзахын цаана Цамбагарав хайрханы мөсөн дуулгат орой цанхилзаж байдгийг эд төсөөлөх ч үгүй. Тэр Жаргалант ууланд суудаг малчин захчид гэж ширүүн хар сахалтай, ширүүн дориун зантай, өвлийн хоёр сар хэц өндөр Жаргалантыг өгсөж уруудаж үүл манан дотор өвөлждөгийг, хотны мараанд нь үүр цүүрээр шилийн янгир аргаль хөлөө зөөлөн зөөлөн зөөсөөр ус шиг чимээгүй ирж мараалаад буцаад яг ирсэн шигээ чим чимээгүй өндрийн шилийг даван оддогийг эд мэдэхгүй. Эд мэдэхгүй шиг би ч эднийг мэдэхгүй. Доторлох нь бүү хэл гадарлах ч үгүй. Хорвоо гэдэг ийм уужим, хүмүүс гэдэг ийм олон янз. Нэг дэлхий дээр аж төрж хамт эргэлдэж яваагаас өөр нийтгэчих зүйл бидэнд ховор.  Гагцхүү ялгаатай нь надад эндхийн хүмүүсийг, ахуй амьдралыг таних сонь халуунаараа түрж байна.

 “Морьтой ч болоосой” аялалын төслийг санаачлагч А.Навчаа эгч 12:30-ийн үед ирж авахаар товлосон цагтаа ирж бид Сөүл дэх хуучин тосгон үзэхээр явлаа.

Өдөр өдрөөр тэнгэр тулан босож буй өндөр барилгуудаар дүүрсэн Сөүл хотын төвд уламжлалт ханокууд цаг хугацааг ухрааж байгаа мэт цугларчээ. Манайхан хуучны барилга байгууламжаа буулгаад хаячих гээд байдаг талтай. Түүнээс болж мөн ч их хэл ам, хэрүүл уруул гардаг. Байгалийн түүхийн музейтэй хамт манай хотын дурсамж тэр хотод өсөж өндийсөн олон хүний дурсамж үгүй болсон. Түүнийг дагаад аялал жуулчлаын эргэлт ч мөн татарсан биз. Түүхэн ач холбогдолтой, соёл өвд бүртгэгдсэн, архитектурын дурсгалт уран барилгаа л тордож додомдолгүй нураачихсан улс даа.  Букчон Ханок тосгон нь Жонгно, Чонгёчон хотын төв дундуур урсдаг хойд хэсэг гэсэн утгатай бөгөөд Сөүл хотын 600 жилийн түүхийг бэлгэдсэн газар юм.  Гахоэ-донг, Жэ-дун, Ги-донг, Вонсео-донг, Самчон-донг, Ангук-донг, Инса-донгоос бүрдсэн энэ бүсэд 900 орчим уламжлалт ханок хадгалагдан үлдэж одоо ч оршин суугчдын амьдрах газар хэвээр байна.  Жусон гүрний үед хааны гэр бүл, дээд албан тушаалтнууд амьдардаг тансаг орон сууцны хороолол байсан бөгөөд Японы колоничлолын үед олон өөрчлөлт гарсан гэх. Ханокуудын ихэнх нь найман талт вааран дээвэртэй, бөгөөд ихэнх барилга нь 'ㄴ' эсвэл 'ㅁ' хэлбэртэй тэгш гадаргуутай.  Ийм учраас хашаа нь гаднаасаа ил байдаг уламжлалт ханок шиг байшинг гудамжнаас харахад өндөр хаалга, өрөө тасалгаагаар хаасан тул дотор тал нь огт харагдахгүй. Энэ бүтэц нь 2000-аад оноос хойш шинэчлэгдээгүй байгаа ханокуудад түгээмэл байгаа аж. 2009 онд "High Kick Through the Roof" кинонд Ким Жа Окын удирдаж байсан дотуур байр энд байрладаг.  2010 оны MBC Personal Taste, 2012 tvN I Need Romance 2012 киноны зураг авалтыг ч мөн энд хийжээ. Мөн 2022 онд Солонгосын Софигийн ертөнц киноны гол тайз болжээ.


Бүкчон дүүрэг хүн ам ихээр суух суурьшлын бүс бөгөөд аялал жуулчлалын төв болоод 10-аад жил болжээ.Дүндэмун орчимд ажилладаг хямд өртөгтэй Хятадын аялал жуулчлалын агентлагууд болон татваргүй дэлгүүрүүд зардлаа бууруулахын тулд үнэ төлбөргүй  Букчоныг ашиглах нь элбэг гэх. Хэрэв та тийшээ очвол ханбок өмссөн гадаадын иргэд олноор зургаа авахуулж байгааг харах болно. Жуулчдаас болж иргэдийн машин явах хүндрэлтэй, зарим жуулчид яагаад энэ газар машин зорчдог талаар гомдоллодог. Дуу чимээтэй холбоотой гомдол их ирдэг. 2001 оноос хойш зургаан жил үргэлжилсэн Бүкчон хотын засварын төсөл нь бас нэг асуудал үүсгэжээ. Тосгоны засвар үйлчилгээ хийсний дараа газрын үнэ 100 сая орчим вон болтлоо өсөхөд уугуул иргэд орхисон аж. Цаашилбал, шинэчлэгдсэн ханок нь мөн бетон ашиглаж, дотоод засал чимэглэлийг шинэчилж, өөрийн уг өнгө төрхөө алдаж эхэлсэн тул Британийн оршин суугч Дэвид Килберн (1943-2019)[3] ханокын анхны хэлбэрийг хадгалахын тулд тэмцэл өрнүүлжээ. 

Тосгон руу орох гудамжны эхэнд шар хантаазтай эмэгтэй чишш гэж хошууныхаа өмнө долоовор хуруугаа наан зогсох нь эндэхийн оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулахгүйн төлөө тийн зогсоо юм байна. Орчны чимээ шуугиан хөл хөдөлгөөнөөс болоод оршин суугчид нь нүүхийг зогсоохын тулд энд амьдардаг хүмүүст улсаас сар бүр мөнгө олгодог ч гэж дууллаа. Хотын амин сүнсийг хадгалж буй газраа авч үлдэхийн тулд авч байгаа арга хэмжээ юм уу даа. Зураачид, уран бүтээлчид олноор энд жижиг жижиг байшин түрээслэн суудаг юм байна. Жуулчид орж уран бүтээлтэй нь танилцан халуун яриа өрнүүлэнгээ, уран бүтээлчийн цай кофегоор дайлуулах боломжтой гэж А.Навчаа эгч надад хэллээ. Толгодын орой дээр буйдхаан газар түрээслээд уран бүтээлээ туурвиж суувал нэн ч сайхан санагдана. За Сөүлд ирсэн эхний өдөр нэг иймэрхүү сонин хачинтай өнгөрөх шив дээ. 

 

Мө.Батбаяр


Official partners:

МАКС ЭРҮҮЛ ХҮНС Max Mahnii Delguur

UB LoungeМонгол хоол

GG Tour Fb:Солонгосоос дэлхийгээр аялцгаая

Supported by: Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь Салбар Зөвлөл - 몽골청년연맹 한국지회

Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэчээр: Tagtaa.mn

Сэтгэгдэл хэсэг