Төрмөнхийн Одгариг. 1998 онд төрсөн. Тэнгэрт том том цагаан үүлнүүд байх нь хөгжилтэй санагддаг. Үүл нүүж байхыг харах харин таагүй байдаг.
***
Урь унаж
анхны хавраа үзэж буй
янзаганы нүдэнд
хорвоо гоо сайхнаа тольдож байна.
нарны илч ханхийх шиг
гэрлийн зөөлөн анхилга
гудамж, замыг хайлуулж
цаашдын уй гуниг, баяр хөөр
цэцгийн соёог дуудаж байна.
нэгэн дусал ус
дээврийн мөснөөс салж унахдаа
тэнгэрийн хэлтэрхийг тээж
гэрлийн хэлтэрхийг газарт хүргээд мөхөв.
түүн шиг
үзэсгэлэнтэй амьдрал болох үр
дотор минь үндэс нэхсээр байна
хавар
хашигдсан цаг мөчүүдийн
хаалт дээгүүр нисэж
хамгийн анх надад мөрөөдөл авч ирсэн
гүн цэнхэр тэнгэрийг
дахин чөлөөлж өглөө.
2026/02/14
***
Гэрэл гэгээ өнгөрснөөс минь тусдаг.
Сул дорой байсан өдрүүд
эр зоригтой явснаас минь олон ч
надад
таны гарыг түших
таны үнсэлтэд ариусаж
таны илч дулаанд зоригжих боломж олгосон.
Иймд зүрх минь үнэнч
үрэгдэхэд бэлэн
үүрд хэмээн амлаж
өнө мөнхөд зогсох хүчтэй.
Хэрэв би
толгой гудайн бөхийж байвал
мэхийн ёсолж буй.
Өвдөг сөхрөн газар ширтэж байвал
үр соёолохыг ажиж буй.
Энэ бараан үүлс үзэсгэлэнтэйг,
гэрэл гэгээ тэднийг цоо сүлбэн тусдагийг
хашааг минь нурааж орхисон шуурга
хацрыг минь илбэн зөөлнөөр үлээдгийг би мэддэг.
Иймд зүрх минь үнэнч,
үрэгдэхэд бэлэн.
2025/12/16
***
Чи надаас урвасан!
Ингэж бодохоор л хэвлийд минь
хэдэн ихэр өвдөлт тийчлэн хөдөлнө.
Чи хүн байхын сайханд дурласан, гэвч
чирч явсан номын зохиолчдоосоо ч урвасан.
чиний урвалт ямар уярам юм бэ!
Өчүүхэн,
сул дорой байхын үзэсгэлэнг
үзүүлсэн чи бидний үерхэл
өнөө хэрнээ тасралгүй,
өвдөлт дурсамж,
үгүйлэн санах ганцаардмал өдрүүд болон
үргэлжилж байна.
Охин чинь намайг орхисон хүнийг тэвэрч,
хайрлан үнсэж,
орчлонд хайрын ихийг
надаас урвасан хүнээс хүртэж өсөх нь ээ.
Урвалтаас уучлалт хүрэх гэгээн замыг
ургуулж чадах найдвар
та хоёрт л байна.
Чи ийм л азтай хүн юм.
Чиний энэ их азыг
чилтлээ ширтэх хэцүү байна.
2026/02/14




1
2
3
Сэтгэгдэл хэсэг