Ц.Энх-Орчлон: Амьдралын нугачаан дунд амсхийх гэж ирдэг амар амгалан газар...

 

Энэ удаагийн дугаартаа “Ертөнций бүүкс” зурагт номын блогийн админ Ц.Энх-Орчлонг урилаа. Тэрээр МУБИС-ийг Гүн ухаан-Улс төр судлалын багш мэргэжлээр суралцаж төгссөн.

1. Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хувьд хамгийн чухал хэсэг байдаг шүү дээ. Та хэдийнээс өөрийн номын сантай болсон бэ? Танайх номын сандаа хэдэн номтой вэ?

Энэ асуултад зориулж анх удаа л тоолж үзлээ. Номын санд маань 500 орчим ном байгаа юм байна. Нийт номын 60 гаруй хувь нь уран зохиолын голдуу ном бол үлдсэн хэсэг нь зурагт ном, хүүхдийн уран зохиолоос бүрдэж байна.

 

 

2. Анх уншихад дурлуулсан ном болон мөн амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?

Хамгийн анх уншсан номуудын нэг Б.Цэнддоо гуайн “Голын тэртээх гацааны хавар” байж. Хавтас нь салаад уначихсан, хуудаснууд нь нэлээд хуучирсан байсныг санадаг. Тэр номоос анх удаа “цөн түрэх” гэдэг үгийн утгыг мэдэж авч байснаа бодохоор нэг л хөгтэй санагдаад байдаг юм. Сумын сургуулийн дотуур байрны амьдрал, жаал хүүхдүүдийн хөгтэй явдлууд, анхны хайр яаж ирсэн гээд л хошин бичсэн тэр номд одоо ч дуртай. Уржнан зун шинэ хэвлэлтийг нь олж аваад ахин уншсан юм байна.

Харин зурагт номын тухайд, ээж маань бага ангид байхад “Алибаба ба дөчин дээрэмчин” зохиолын хялбаршуулсан, сунадаг номыг (according book) авч өгч байв. Одоо бодоход баян хуур хөгжим шиг, чамгүй урт, хатуу хуудастай, сунаж агшдаг тийм содон хийцлэлтэй ном одоо ч зах зээлд харагддаггүй атал 2000-д оны эхээр, бүр эх хэл дээр маань орчуулагдаад гарчихсан байсан нь хачирхалтай санагдаад байдаг юм. Тэр номыг ёстой л эл дол болтол нь эргүүлж тойруулж, элэгдтэл нь уншсан. Булангууд нь эмтэрснийг ч санаж байна. “Сэм сэм онгой, онгой” гэдэг тэр өгүүлбэр миний хамгийн анхны уран сэтгэмжит бодлыг өдөөсөн гэж боддог шүү.

Харин үзэл санаа, төлөвшилд нөлөөлсөн ном гэвэл Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”. Тэр ном чамин уран үгсээр биш амьд дурсамжаар сэтгэлийг эзэмдэж чадсан бүтээл билээ, миний хувьд. Хүнийг хайрлан хүндэтгэх, бусдын сэтгэлийн гоо сайхныг олж үзэх нүдийг нээсэн ном гэж боддог. Бас энэ үеэс дурсамж гэгч хэчнээн бүлээн, дулаан зүйл болохыг ухамсартайгаар мэдэрч эхэлсэн шиг санагддаг юм.

 

3. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?

Уран зохиолын ном л бариад авчихдаг талтай. Үгнээс, уран сайхан үгсийн баялгаас амьдралын амт шимтийг тамшаалан мэдрэх дуртай хүн болов уу гэж өөрийгөө дүгнэдэг. Харин тийм үгсийн шид, дүрслэл өөрөө уран зохиолын номд илүүтэй шингэсэн байдаг шүү дээ. Ямар ч монгол хүн тос даасан ааруул хурууд мэрэхдээ өегшин цадаж буйгаа мэдэрдэг шиг нэг их сайхан бичсэн уран зохиолын ном эсвээс тун чиг чамин орчуулга уншихад сэтгэлд яг л тийм өег мэдрэмж төрдөг.

Мөн намтар, дурсамж номд ухаангүй хайртайгаа дурдъя. Харин сүүлийн жилүүдэд зурагт ном зүрхийг минь эзэмддэг болжээ. Зурагт номыг анх зөвхөн охиндоо л зориулан авдаг байсан бол одоо харин сэтгэл дотор минь оршдог жаалхан Орчлонг баярлуулахаар уншдаг болжээ.

 

4. Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?

Их зохиолч Бямбын Ринчен болон Г.Аюурзана нарыг нэрлэе.

5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?

Мэдээж номын дэлгүүр хэсэх дуртай. Дэлгүүрт ороод нэг л мэдэх нь ээ хүзүүгээ гилжийлгэчихсэн л зогсож байдаг шүү дээ (инээв). Мөн сошиал хуудсаараа Монголын болон гадаадын хэвлэлийн газрууд, блоггерууд, зохиолч, зураачдын хаягийг дагах дуртай. Зурагт номоос бол Enchanted Lion books, Thames and Hudson, Candlewick press зэрэг хэвлэлийн газруудын шинээр гарч буй номуудад чих тавина. Гаднын блогуудаас Moonbow books, Looking at picture books зэргийг уншдаг. Шинэ ном гэхээс илүү хуучны хүүхдийн уран зохиол, зурагт номуудыг рэвью хийдэг нь их таалагддаг. Харин Монголдоо Гэрэн редакц болон Гарунагийн номуудыг их хүлээдэг болсон шүү.

6. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй ном?

Хамгийн сүүлд Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Бүйлс” роман, утга зохиол судлаач У.Бямбанямын “Дурсамжийн газрын зураг” зүймэл романыг уншжээ. Харин яг одоо бол Англи-Америкийн зохиолч Салман Рушдегийн “Хутга-Халдлагын дараах эргэцүүлэл” дурсамж номыг уншиж байна. Манайх гэдэг айл зурагт номын хувьд Ирландын зураач, зохиолч Крис Хоутоны цуврал номуудаас салахаа больсон. Охин маань орой бүр энэ цувралыг уншуулах болсон. Үйл явдлыг нь бүрэн тогтоосон тул ээждээ өөрөө уншиж өгдөг.

7. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?

Хамгаас нандигнадаг номуудаасаа хуваалцъя. Эхнийх нь миний эмээ, аавын минь ээж Жамбын Лхамсүрэнгийн бичиж, бидэнд үлдээсэн “Билгүүн сэтгэл” ном. Эмээ минь залуудаа сумын сургуулийн номын санч байж. Өөрөө номд ухаангүй дуртай мөн бичгийн боловсролтой хүн байсан. Бага байхад зуны амралтаар өвөө эмээгийндээ очно. Эмээ минь орныхоо наад өнцөгт суучхаад нэг бор цаасан дээр (дугуй булантай цайны цаасан хайрцгийн дотор тал) юм бичиж байсан дүр зургийг тод санадаг юм. Гэхдээ тэр үед эмээгээ шүлэг, найраг бичээд суугааг ухаараагүй л дээ. Эмээ минь бурхан болохоосоо өмнө өөрийн олон жил бичсэн шүлэг, дурсамж, өгүүллэгүүдээ нэгтгэн ийм нэгэн ном баринтаглаж амжсан нь үр хүүхэд бидэнд нандин өв болж үлджээ. Магадгүй би эмээгээ дуурайгаад үг үсэг холбох дуртай болж, үгээс ид шид хайдаг нэгэн болсон биз ээ гэж боддог.

Харин удаах нь Б.Ринчен гуайн “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” номын анхны хэвлэл. 1959 онд хэвлэгдсэн энэхүү номыг би хуучин номын худалдаанаас сураглаж явсаар олсон юм. Бас ч чамгүй үнэтэй худалдаж авсан. Ерөөс эл ном хамгийн анх хэвлэгдсэн хэдхэн хувийн нэг нь гээд бодоход л сэтгэл хөөрөөд явчихна. Хуудаснууд нь шарлаж, нуруу нь элэгдсэн энэ номын үнэр нь хүртэл “хуучны” тансаг. Хавтсыг нээвэл “Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар 1959 он” гэнэм. Ардаа харин 2 төгрөг 60 мөнгө гэж. Нэгэн бодлын цаг хугацааны аялал шиг санагддаг.

 

 


8. Хүүхдийн уран зохиол, хүүхдийн зурагт ном таны хувьд юугаараа ач холбогдолтой вэ?

Охиноо төрүүлснээс хойш хүүхдийн ном, зурагт ном гэдэг манай амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Төрсөн цагаас нь эхлэн ном танилцуулж, номын сангаа төрөл бүрийн зурагт номоор баяжуулсаар байна. Охин маань одоо 3 нас 8 сартай. Жаахан атлаа номын маш сайн нөхөр гэж боддог. Хэл яриа, үгсийн сонголт нь сайжирч, өөрийнхөө мэдрэмж бодлыг сайн илэрхийлж чаддаг нь номын ач гэж боддог. Жаахан хүүхэд юм ойлгохгүй гэдэг хандлага байдаг ч бяцхан оюундаа бүгдийг шүүж, боловсруулж, шингээж байдаг юм билээ.

Хүүхдийн эхний 1000 хоног маш чухал гэж үздэг шүү дээ. Тархины эд эс бүрэлдэж, хөгжил нь ид явагдаж байгаа эхний гурван жилд охиндоо утас үзүүлэхгүй гэж шийдээд номтой ойрхон өсгөсөн. Тиймдээ ч охин маань утас сонирхож эхэлсэн ч нэг мэдэхэд газар хаячихсан шүүгээний хаалгыг нээгээд номуудаа хөглөрүүлээд, амандаа уншчихсан сууж байдаг.

Охиноо өвөр дээрээ суулгаад, урд нь ном дэлгээд уншиж өгөх үеийн тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Хамтдаа ном унших үед сэтгэлийн холбоо үүсэж, цагийг чанартай өнгөрөөж байгаа нь илт мэдрэгддэг. Том болоод яг ямар ном уншиж байснаа санахгүй байж болох ч гэр бүлээрээ хамтдаа суугаад уншдаг байсан дулаан дурсамжаа санах байх гэдэг итгэдэг.


Охиноо өвөр дээрээ суулгаад, урд нь ном дэлгээд уншиж өгөх үеийн тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Хамтдаа ном унших үед сэтгэлийн холбоо үүсэж, цагийг чанартай өнгөрөөж байгаа нь илт мэдрэгддэг. Том болоод яг ямар ном уншиж байснаа санахгүй байж болох ч гэр бүлээрээ хамтдаа суугаад уншдаг байсан дулаан дурсамжаа санах байх гэдэг итгэдэг.

9. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Г.Аюурзана гуайн “Хөх дэвтэр” роман, яруу найрагч Г.Нямхишигийн “Жийд хэлний бадгууд”. Мөн Америкийн хүүхдийн номын зохиолч Др.Сьюссын “Малгайтай муур”-ыг худалдан авсан юм байна.

10. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?

Канадын зохиолч Янн Мартелын “Пигийн амьдрал”-ыг хэдэнтээ уншжээ. Сайхан орчуулгатай учраас унших бүрд хөврөөд л, хөврөөд л байдаг. Үйл явдлын хувьд адал явдалд тэмүүлдэг хэрнээ агуулгаараа цэвэр философид хөтөлдөг нь их содон санагддаг. “Амьдрах хүсэл байгаа цагт та амьд үлдэж чадна” гэдэг өгүүлбэр санаанаас огт гардаггүй юм байна.

11. Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?

Би ном дээр тэмдэглэж унших их дуртай. Хамгийн таалагдсан үг, өгүүлбэрийн доогуур үзгээр зурж тэмдэглэдэг. Миний хувьд хэдий чинээ их тэмдэглэнэ, төдий чинээ таалж уншсан гэсэн үг. Мөн номын хэвлэлт, дэглэлт, үсгийн фонт, хуудас нь хурууны өндгөнд мэдрэгдэж буйгаас таашаал авдаг тул гарцаагүй цаасан хэвлэлийг сонгох биз ээ.

12. Номоос санал болгох эшлэл?

Далайн эрэг дээр хамтдаа цай ууж 

Уулын оргил дээрээс захиа бичиж 

Ой тайгын дотуур хоёулхнаа явж 

Дэлхийг жинхэнээсээ эдэлж үзэх сэн…” хэмээх Б.Батрэгзэдмаа агсны шүлэг цээжинд үргэлж хадаатай явдаг юм. Магад амьдралаас хамгийн их хүсэж тэмүүлдэг, “үлгэрийн мэт” санагддаг хүсэл минь энэ шүлэгт шингэсэн байх.

13. Ном уншсанаар танд ямар дадал, сайн тал эсвэл муу тал бий болсон бэ? 

Ном унших, ном цуглуулах гэдэг одоо бясалгалын шинжтэй зүйл болжээ. Өмнө нь ном уншихад ёстой л мянган хүний амьдралаар амьдарч үзэх боломж мэт санаж, шинэ ном нээх бүрдээ тэс өмнөө ертөнцөд хөл тавьж буй мэтээр сэтгэдэг байлаа. Одоо харин ахуй амьдралыг түр хойш нь тавиад өөртөө гаргах нандин цаг хугацаа минь гэж бодох болжээ. Амьдралын нугачаан дунд амсхийх гэж ирдэг амар амгалан газар шиг л.

Хоёр жилийн өмнө манайх шинэ байранд нүүж ороод номын шүүгээгээ томруулах боломж гарсан юм. Одоо гэрийн хоймор хэсэгт номын сан маань байрлаж байна. Сардаа хоёр гурван удаа заавал номын сангийнхаа өмнө суугаад номуудаа цэгцэлж, эргүүлж тойруулан уншиж эсвэл зүгээр л доороос нь дээш ажиглан хардаг. Ийн зогсохдоо заавал арц уугиулж аль нэг тавцан дээр нь тавина. Ингэж зогсоо хэдхэн минут хүртэл тэр чигээрээ л амар амгалан болж хувирдаг даа. Ер нь сэтгэл санаа тавгүйтэхэд эсвэл оюун сэтгэлд цэнэг хэрэгтэй болсон үед энэ “зан үйлээ” заавал хийдэг юм байна (инээв).

“Ном миний шашин, номын сан миний сүм хийд” хэмээн Жан Поль Сартр хэлснийг энд дурдмаар байна.

 

14. Ном унших соёлыг дагаад, өвөрмөц номын сан, гоё номын цуглуулга, номтой холбоотой декор, эсвэл жижиг хэрэглэл өөрөө хийх, номын тэмдэглэл хөтлөх, сошиал хуудас хөтлөх гэх мэт олон сонирхол мөн нэмэгддэг. Өөрийн тань хувьд?

Охиноо төрүүлээд гэртээ сууж байх үед ямар нэг утга учиртай зүйл эхлүүлье гэсэн бодол хэсэгтээ төрдөг байв. Тэгээд тухайн үед охиндоо уншиж өгдөг байсан зурагт номуудынхаа тухай тэмдэглэл, рэвьюгээ инстаграм дээр хуваалцах сэдэл төрж “Ертөнций Бүүкс” нэртэй зурагт номын блогоо эхлүүлсэн. Хүүхэдтэйгээ хамт ном уншиж буйгаа хуваалцах, уриалах, номын тухай бусдад хуваалцах, зурагт номын соёлыг өөрийн чадах хэмжээнд түгээх зорилготой болсны сацуу хүүхдийн ном бичих, зурагт ном бүтээх нандин мөрөөдөлтэй болсон.

Энэ хуудсаараа дамжуулан зурагт номд дуртай ээжүүдтэй найзууд болж, номын зохиолч зураачидтай танилууд болсоор байна. Эх орныхоо хүүхдийн ном хэвлэлийн салбарт өөрийн жижигхэн хувь нэмрийг оруулах хүсэлтэйгээ нуух юун.

 

15. Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?

Б.Ринчен гуайн “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг авч явах болов уу. Мөн тэмдэглэл бичих зузаахан дэвтэр, үзэг заавал цүнхэлнэ.

16. Би номын сантайгаа буланд дараагийн зочноор хэнийг санал болгох вэ?

Солонгос улсад ажиллаж, амьдардаг Nandin’s book cafe хуудасны блоггер Нандин эгчийг санал болгоё.

Танд баярлалаа. 

 


Сэтгэгдэл хэсэг