
Номынхоо хоёрдугаар дэвтрийг бичихээр зэхэж байхдаа өөрийгөө өрөвдөх тухай их бодлоо. Өөрийгөө хэтэрхий их өрөвдөж хөөрхийлөх минь ихэнхдээ л намайг гутрал руу түлхчихдэг. Илаарьшиж амжаагүй олон шарх одоо ч дотор минь бий. Сэтгэл заслын эмчилгээ надад тэдгээр шарх ямар шинж чанартайг, чухам юунаас үүдсэнийг бага багаар ойлгуулсан юм.
Гэвч сэтгэлийн шархаа ойлгож мэдэх, өөрийгөө өрөвдөх хоёр тэс өмнөө хэрэг билээ. Биеэ өрөвдөнө гэдэг тийм ч муу зүйл биш. Гэхдээ биеэ өрөвддөг хүмүүс гагц өөрийнхөө зовлон зүдүүрт анхаараад, бусдын өвдөлт шаналлыг үл ойшоох гээд байдаг талтай болохоор хүмүүсийн нүдэнд таагүй харагддаг байж мэдэх юм. Би өөрийгөө тийм хүн байх вий эсхүл тийм хүн болох вий гэхээс айдаг байлаа.
Cэтгэл заслын эмчилгээ ахицтай болж, шарх сорви бүдгэрэх тусам би зовлон шаналалд бүр л мэдрэг хандах болов. Эдгээлгүй дарчихсан шарх ил гарч гэм алга урвуулахын төдийд л гутранги бодолдоо живж мэдэхээр байлаа.
Дасал болсон эл мэдрэмж тухтай агаад аюулгүй санагдахыг яана. Тиймдээ ч гутрал, хоосрол мэдрэгдэх бүрд би өөрийгөө өрөвддөг өрөөнийхөө хаалгыг татаж ороод, тэндээ бүгэхийн түүс болдог байв. Он удаан жил төвхнөж асан тав тухтай өрөө минь шүү дээ. Хүсвэл тэндээс ядах юмгүй гарч хуучнаараа амьдарч чадах ч голдуу л хаалгаа дотроос нь түгжиж орхино. Амьдрал руу эргэж шумбахаасаа өмнө энэ л танил өвдөлтийг зүрх сэтгэлдээ ханатлаа мэдэрмээр санагддаг сан.
Одоо би гутралыг “сэтгэлийн ханиад” төдийгөөр харахаа больсон. Олон жил сэтгэл гутралтай явснаас ч тэр үү, эгээ л хоёр дахь сүүдэр шиг минь болсон энэ эмгэг надад халтихан тусаад өнгөрөх ханиад томуунаас илүүтэй эдгэшгүй хууч өвчин шиг санагдах болжээ. Ийм өвчнийг уйгагүй хичээл зүтгэлээр илаарьшуулж болох ч энэ үйл явц насан туршийн аялал болж хувирах нь бий. Тиймдээ ч би “бүрэн эдгэсэн” гэх үгийг толгойноосоо авч хаяхаар шийдсэн. Гэхдээ бахь байдгаараа үлдэхийг хүлээн зөвшөөрчхөж бас чадахгүй нь. Ямартаа ч сэтгэлээр унахаараа л ямар их зовж шаналснаа бодон өөрийгөө эвийлж хөөрхийлсөөр өнөө л нэг харанхуй өрөө рүүгээ шурд хийгээд орчихдог асан урьдын дадал руугаа гулсчихгүйг хичээж явна. Бас мэдэрч буй бүхнээ үгүйсгэхгүй, бусдын зовлон шаналлыг өөрийнхтэйгөө харьцуулахгүй байхыг хүснэ.
Эл ном сэтгэл гутралаа ор мөргүй эмчлэхийг хүсэж буй хүмүүст төдийлөн тус дэм болохгүй ч байж мэднэ. Гэхдээ сэтгэлийн гүн дэх шархаа дэлгэн харуулж, тэгснээрээ өөрсдийн доторх харанхуйтай нүүр тулах зоригийг уншигчдад өгч гэм сэтгэл минь ханах нь тэр. Өмнөх номоороо олон хүний гараас атгаж чадсан учраас би үүгээрээ ч бас илүү олон хүний гараас атгахдаа бэлэн байна.
...Зарим нэгэнд нь залхмаар санагдаж мэдэх энэ түүх маань өөр нэгэнд итгэл найдвар болуужин хэмээх итгэлээр өдийг хүртэл бичиж ирлээ. Онцгойрох юмгүй нэг хүний улиглан үглэхийг анхааран сонссон эрхэм танд баярлалаа. Бидний тээж яваа хар бараан дурсамжууд төстэй ч байж мэднэ, эсвэл бүр тэнгэр газар шиг ялгаатай ч байж магадгүй. Тэгсэн ч та намайг анхаарч, тэвэрч өглөө. Эцэст нь надад өөрийнхөөрөө байх боломж олгосон сэтгэл заслын эмчдээ, эрхэм дотнын хүмүүстээ баярлалаа.
Сэтгэл нь өвдсөн хэн бүхэн зохих ёсоор эмнэлгийн тусламж авч чаддаг, өвдсөнийхөө төлөө нүд үзүүрлэгддэггүй, ойр тойрныхон нь тэдний асуудал, зовлонг сул доройн илрэл хэмээн үл ойшоодоггүй өдөр ирнэ гэдэгт итгэж байна. Оюун, сэтгэлийн шархыг бие махбодын шархтай эн тэнцүү анхаарч ойлгох өдөр мөдхөн ирэх болтугай.



1
2
3
Сэтгэгдэл хэсэг