ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС #1: САЙН БАЙГАА ЮУ? ТА ХОЁР МИНЬ

САЙН БАЙГАА ЮУ? ТА ХОЁР МИНЬ
Чагдар+Бадма=Love 


 
Алс тэртээд солонго татаж, бороо шивэрсэн сайхан орой...  Энэ орой таныг санах минь гүн бөгөөд үнэн байна.

“Мэдисон нутгийн гүүрнүүд”-ээ эргүүлж тойруулан харж сууна. Таны тэмдэглэж уншсан хэсгүүдийг хараад санах минь улам лавшрана.  “Манан татсан өглөө, өдрүүдэд нарны туяа манай баруун хойд зүгт байдаг усны мандал дээр тусах үед би чамайг их боддог” /Мэдисон нутгийн гүүрнүүд., 216 дугаар тал/. Та энэ хэсгийг тэмдэглэж орхиж, одоо бол энэ үгийг би танд хэлмээр байна. “Киног нь үзэхээр халшраад байх юм” гэж та ярьж билээ.

Үнэндээ цахимаар харьцаж байхдаа хол ч гэлээ үргэлж хамд байдаг байжээ. Надад дахиад стори ирэхгүй л байх даа... гунигтай байна. Нулимс гарахгүй бөглөрдөг байсан бол одоо  том том нулимс унагаж сурсан.

Танд ярьдаг мөрөөдлөө биелүүлэх гэж хичээх ч үгүй байгаа, чухал шалгалтаа бэлдэхээ байсан, шинэ үг цээжлэхгүй байгаа, гоё хөтөлбөртөө ч цаг гаргахаа байсан, маргаашийг ямар ч зорилгогүй угтаж байгаа. Цаг хугацаа бүхнийг анагаана гэдэгтээ итгэсээр байвч тэр цаг хугацаа нь хэзээ гэдгийг бас мэдэхгүй юм.

Гоё кино гарахад хамт үзмээр, бидний дунд амьд харилцаа үүсгэсэн “нялх”-аа хэр байгааг асуумаар байвч санаа алдахаас, чимээгүй гуниглахаас хэтрэхгүй нь ээ.

Өнгөрсөн хугацаанд цөөхөн ч гэлээ “хөөрхөн”дурсамжууд та минь үлдээжээ. Улирч одсон бидний харилцаа “үнэн” байсан уу? гэж асуумаар  санагддаг ч  гэгээн дурсамж өөртөө үлдээхийн тулд бүгдийг үнэн байсан гэдэгт итгэсээр суугаа. Цаашдаа өнгөрсөнөөс үнэнийг хайхгүй ээ. Үнэн оршоогүй ч гомдохгүй ээ. Эрхүүгийн гүүрэн дээр цоож зүүгээд хамтдаа түлхүүрийг нь далайн гүнд шидчихсэн шиг хайгаад ч олдохгүй нууцыг бид бүтээсэн, гүн хүндэтгэл тандаа үлдээе.

Нээрээ миний сэтгэлд дураар бүжиглэх орон зай үлдсэн байж, тандаа аз жаргалыг, сайхан бүхнийг хүсье.

Цаг хугацааны эргүүлэг дундаас хоёр үнэн бие биеэ хайсаар уулзах “Хувь тавилан” бий гэдэгт итгэнэ.

“Хувь тавилан” “Мэдисон нутгийн гүүрнүүд” “You have got e-mail”

2021.06.16

Сэтгэгдэл хэсэг