ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС #11: ЧАМ РУУ ЯАРАХ СЭТГЭЛИЙГ ЯГААН МАНГАС МИНЬ ҮЛ ГҮЙЦНЭ

 

Захиа ирчихжээ. Тийм ээ, эцэст нь ирж. Гэхдээ яагаад ийм бороотой өдөр гэж? Байнга уулзана гэж ярьдаг байсан бороотой өдөр хариу нь ирсэн ч эзэн нь захианы дугтуйнд. Миний амлалтдаа хүрдэггүйг сануулахаар чи ингээ юу? 

Шуудан дээр очиж шийтгэлээ авах болох нь ээ. Маргааш ч байж болох л юм, эсвэл хэзээ ч үгүй. Гэхдээ зүгээр ээ, түүнээс ирсэн захианы үгс бороотой хамт сэтгэл рүү минь нэвчих нь гунигтай бас сайхан байх болно гэдгийг мэдэж байна. Бас ганц ч болтугай амлалтдаа хүрж чадах ч юм билүү.

Шүхэр хэрэггүй ээ! Бэлтгэлийн муу өмд, малгайтай бор цамц минь байхад л болно. Чиний хамгийн дуртай нь энэ байсан шүү дээ. Хоёулаа ч яваад орчихоор энэ том цамцыг анх яаж авснаа ч санахгүй юм. 
Чам руу яарах сэтгэлийг ягаан мангас минь үл гүйцнэ.
Дугуйгаа би байдаг хурдаараа жийнэ, зүрхээ улам өвтгөхийн тулд. Цаг 18:45.

Сүүлд бид хоёрыг чам дээр очиход шөнийн 3 цаг болж байсан санагдана. Тэгэхэд адилхан бороотой байсан ч би аз жаргалтай, бас хайрлагдсан нэгэн байжээ.


Ягаан мангас гэж энэ нэрлэсэн дугуй маань надтай цуг арван жилийг өнгөрөөжээ. Анх авахад ямар байсан, яг л тэр хэвээрээ, миний чамайг гэх сэтгэл шиг л будаг нь халцраагүйн дээр улам л гүн болоод байх шиг.

Яагаад ингэж нэрлэсэн юм бол? Ямартаа ч ингэж л чамайг ягаан өнгөнд дуртайг мэдэж авсан. Юмсыг шууд хүчлэх нь хамгийн буруу шийдвэр, тэд аяндаа мэдрэмжээ даган урсан орж ирдэг. За одоо энэ хамаагүй ээ, чиний тухай бодлууд үргэлжилсээр. Бас зүрх хөлдөөм энэ сайхан бороо. 

Чийгний үнэр, тогтоол ус, саяхан шохойдсон хашаа, хар зам, хүн эмнэлэг, төв талбай, хүнсний дэлгүүрүүд, өнгө өнгийн шүхэр барьж яаравчлан алхах хүмүүс... Тэнгэр, газар хоёрт зэрэг солонго татсан мэт харагдана. 

Сумынхаа шуудангийн гадаа ирлээ, амьсгаадсан, догдолсон бас сэтгэлээ онгойтол норчихсон нэгэн. Би сум гэж хэлэх дуртай. Биднээс бусад нь энэ газраа хот гэдэг сэн. Учир нь бид том газраас илүү жижиг нь амьдрахад тохиромжтой гэдгийг мэднэ, зугаа цэнгэлээс илүү тайван байх нь бидэнд таалагддаг. Хааяадаа гудмаар алхахад үхэр урдуур явж зам хаахад ч бид дуртай. Энэ чинь л бидний сум шүү дээ.

Ягаан мангасаа хашааг нь түшүүлж орхиод цементэн шат өөд өгсөнө. Дээшлэх тусам сэтгэл минь улам хүндэрнэ.

Би яг л Эверестийн оргил оод мацаж буй уулчин шиг л санагдана. Тэд дэлхийн оргил дээр гардаг бол би чамайг гэх сэтгэлийнхээ оргилд гарах гэж хичээж байх шиг. Хөл минь салганаж, хэзээ ч ийм өндөр өөд өгсөж байгаагүй мэт санагдана.

Чигээрээ гэж заах сум болгон намайг улам мухар луу аваачих шиг, эцэст нь би шууданчаас захиагаа авлаа.  Тавин нас шүргэж яваа болов уу гэмээр эмэгтэй. Үсээ нямбай гэгч нь самнаад, ягаан боолтоор боочихсон... Шар цэцэгтэй урт цагаан даашинз, жижигхэн хөлд нь таарсан туфль... Дөлгөөн бөгөөд гүнзгий харцтай нэгэн. Гадаа бороотой байтал би дотор далай ширтээд зогсож байх шиг санагдана. Юутай ч би 30 жилийн дараах чамтай энд таарсандаа баяртай байна. Харин 30 жилийн дараах би чамайг ягаан мангастайгаа цуг ирж аваад, чиний өдрийн талаар ярилцангаа гэр лүүгээ харьж болохсон болов уу?

Намайг гэх чиний сэтгэлийг би бороотой цуг унших гэж байна. Энэ цагаан цаасан дээрх холбоотой хар бэхнүүд надад юуг өгж чадах бол? Эсвэл бүр юуг авч?..

Би одоо баяртай байна, ядаж ганц ч болтугай амлалтдаа хүрсэндээ.

Сэтгэгдэл хэсэг