ДУРТАЙ ШҮЛЭГ: УРАН БҮТЭЭЛЧ Д.ОДОНЧИМЭГ

 

Тэрээр Парисын Дүрслэх урлагийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан, Европын хэд хэдэн оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж амжсан бөгөөд Mohanik хамтлагийн гишүүн Ц.Даваажаргалтай хамтран “Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр” (976 Art Gallery) нэрт уран бүтээлийн үзэсгэлэнгээ эх орондоо гаргаад багагүй хугацаа өнгөрсөн билээ. Энэ удаад яруу найргийн талаарх бодол болоод өөрт хадгалагдаж сэтгэлд үлдсэн нэгэн шүлгээ бидэнтэй хуваалцсан юм.

Д.ОДОНЧИМЭГ: Намайг Одончимэг гэдэг. Францад чөлөөт уран бүтээлчээр ажиллаж амьдардаг. Арван жилд байхын л яруу найрагтай холбогдож шүлэг уншиж нэг бүрчлэн цээжилдэг байсан нь тухайн үеийн сургалтын программтай холбоотой байсан болов уу. Харин одоо бол зөвхөн өөрийн сонирхлын хүрээнд дурлаж уншдаг болохоор яруу найргийг ойлгох харах өнцөг их өөр болсон. Өөрөө хэд хэдэн шүлэг франц хэл дээр бичиж үзсэн ч ямархуу болсныг нь сайн мэдэхгүй байна. Яруу найргийг эх хэлнээсээ өөр хэл дээр унших нь мэдрэх мэдрэмж болоод бүтээмж, уран сэтгэлгээ их шаарддаг юм шиг санагддаг. Тиймээс ч уран зохиолын орчуулга тэр дундаа яруу найргийн орчуулга гэдэг хүүрнэл зохиолтой харьцуулахад маш нарийн адармаатай ажил болохыг ойлгосон. Сургуулийнхаа уран бичлэгийн ангид явдаг байснаас гадна Мастерийн дипломын ажлаа “Орчин үеийн яруу найраг” сэдвээр хамгаалж байсан. Европод бол миний мэдэхээр одоогийн залуус яруу найраг сонирхож унших нь ховор болсон ч нөгөө талаас орчин үеийн “Contemporary art-poet” урсгал ихээхэн хөгжиж яруу найргийг шинээр харж нээж, бусад урлагийн хэлбэрүүдтэй нийцүүлж шинэ өнгө төрх гаргах болсон нь их таалагддаг. Дуртай яруу найрагчид гэвэл Pierre Reverdy, Анна Ахматова болон Чарлз Буковский нар бөгөөд өөр өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй хоорондоо адилгүй эдгээр найрагчдын шүлгүүдэд дуртай. Чарлз Буковскийн нэгэн шүлгийн хэсгээс өөрийнхөө ойлгосноор орчуулан хүргэе.

***

Зарим нь залуу

Зарим нь хөгшин 

Зарим нь харин залуу ч биш, хөгшин ч биш

Хэрэв хар ялаа хувцас өмсөж

Хээнцэр байшин барилгууд алтан галаар шатаж

Диваажинд буй бүсгүй шиг бүжиж

Дэлхий дээрх бүх атомын бөмбөг уйлж байсан ч 

Залуу хүн залуугаараа үлдэх болно, юу ч өөрчлөгдөхгүй

Зарим нэг нь хөгшин хэвээрээ, мөн л юу ч өөрчлөгдөхгүй

Үлдсэн бүх л зүйлс яг л хэвээрээ, яг л хэвээрээ

Өөр бусдаас ялгарах ховорхон нэгэн нь 

Өөрөө ч мэдэлгүй нэг л өдөр цагдаагийн гарт

Өөрийнхөө эсвэл найзынхаа, ээжийнхээ, эсвэл ахынхаа гарт 

Үрэгдэж үгүй болно

Үлдсэн бусдыг нь харин ажиглаж нэг хардаа

Өрөвдөлтэй байгаа биз

- Энэ шүлгийн санаа бол миний бодлоор амьдралд өөрийн гэсэн үзэл бодолтой онцгой хүмүүс ховорхон заяадаг. Бид хичнээн харьцуулахын аргагүй өөр хоорондоо ялгаатай ч бүгдээрээ л бид байдаг л нэг энгийн хүмүүс, харин ховорхон тохиолдох онцгой нэгнийг өөрсдөө ч мэдэлгүй үгүй хийж орхисон байдаг.

Олон ч хүний шүтээн болсон францын яруу найрагч Arthur Rimbaud онцгой санагддаг ч хувь хүнийхээ мэдрэмжийн хувьд сайн танилцаагүй л явна. Цээжинд явдаг монгол шүлгүүдээс сэтгэлд их ойр буусан нь яруу найрагч Ц.Хулангийн нэгэн шүлгийн мөртүүд их дотно санагддаг бөгөөд тухайн үед амьдралд минь тохиосон үйл явдалтай холбоотой болоод ч тэр үү бусад шүлэгнээс илүү тод сэтгэлд минь үлдсэн байдаг. 

***

...Өнчин зүрх алсыг мөрөөддөг

Явж л болдоггүй юм шүү тэгэхэд, энэ жаахан монголоосоо

Яагаад гэж тэр үед хүү минь чи асууна

Ядуухан ч гэсэн энэ л эх орон нь 

Яруу найрагч ээжийг нь төрүүлсэн юм шүү...

 

Сэтгэгдэл хэсэг