"TAGTAA" ШАГНАЛТНУУД 5 АСУУЛТАНД: ТӨ.БЯМБАСҮРЭН

 

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ.  2020 оны "Тагтаа" утга зохиолын эздээс 5 асуултан товч хариулт авлаа. Яруу найргийн төрөлд тэргүүлсэн Тө.Бямбасүрэн.

Баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

Tө.Бямбасүрэн: Баярлалаа. Намайг Төмөртогоогийн Бямбасүрэн гэдэг. Эмч мэргэжилтэй. Шүлэг бичихийг оролддог, бүтээн туурвих мөрөөдөлтэй хүн гэх юм уу даа. Юун түрүүнд зохион байгуулсан танай хамт олонд маш их баярлалаа. Надад их урам өглөө. Цааш цаашдаа хичээнэ дээ л гэж бодож байна. Хүний итгэл шүү дээ бас!

Таны амьдралын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

Би ээлжийн ажилтай шүү дээ. Ээлжтэй үедээ бол ажлаа л хийнэ. Ээлжээс буусан өглөөдөө хэсэг унтчихна. Сэрээд эхнэр, хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөнө. Тэгээд унтаад сэрэхээр дараагийн ээлж болчихож байгаа юм ккк. Ер нь баримталдаг зарчим бол өдөр алгасахгүй л ном уншихыг хичээдэг. Хааяа шүлэг бичихээр сууна. Нарийн тогтсон дэглэмгүй л амьдарч байна.

Уран зохиол сонирхох, бичиж туурвихад нөлөөлсөн анхны хүчин зүйл таны хувьд юу байсан гэж боддог вэ? 

Нагац өвөө маань ерөөл хэлдэг хүн байв аа. Манайх Зуунмодод, өвөөгийнх Жаргалантад амьдардаг байлаа. Өвөө маань кассетэнд дуу хураагаад эмээгээр өгч явуулна. Тэрийг нь сонсохоор -Төв аймгийн Зуунмодод суугаа хайрт ач Бямбасүрэндээ.... гээд л өвөө ерөөнө, дуулна. Тэр л нөлөөлсөн болов уу. Өөрөөр мэдэхгүй ээ. Өвөөтэйгөө л их ойрхон өссөн. Нэг удаа хамт цайлаад сууж байтал адуугаа алдсан хүн мэргэлүүлэхээр ирлээ. Өвөө маань ойр зуур мэргэ татдаг сан. "Би Зуунмодоор дамжаад Сэргэлэнгийн ардуур ороод Налайхын урдаас эргэлээ..." гээд өнөөх хүн яриа дэлгэтэл өвөө "Байз хүүхээ, чи Зуунмодод Улаан Бямбасүрэн гэж аюулын найрагч байдгийг тэгээд дуулав уу?" гэж асуудаг юм. Би 7, 8-тай л хүүхэд хажууд нь сууж байгаа юм, ичсэн гэж жигтэйхэн. Өвөөдөө л аюулын найрагч байсан уу, намайг тэгж цаашлуулсан уу?

Цаашдын төлөвлөгөө? 

Сурах төлөвлөгөө байна. Сайн эмч болох сон. Сайн туурвилч болох сон. Төрөл бүрээр бичиж үзэх сэн.

Унших дуртай зохиолч, зохиол чинь юу вэ?

Ф.М.Достоевскийн "Гэм зэм", Чингиз Айтматовын "Цаазын тавцан", Д.Батбаярын "Саахалтын нууранд ангир дуугарна" гэх мэт олоон. Цаазын тавцан-ы Авдий Кластритовт, Гашууны хэдэн тагтаа өгүүллэгийн хүүд хайртай. Орхан Памукыг номуудыг бас биширдэг.

Сэтгэгдэл хэсэг