МӨ. БАТБАЯР: ӨӨРТӨӨ БИЧИХҮЙ-3

Эр хүн долоо дордож найм сэхдэг юм аа" гэдэг энэ үгийг ихэнхдээ уучихсан, "хог дээр үсэрчихсэн яваа ах нар" |ийм үг ашиглаж байгааг минь уучлаарай үнэхээр тийм билээ. | хэлж байгаа харагддаг. Үнэгэн сүүлээр далласан үнэхээр худлаа үгдээ. Нэг бол байг гэхсэн, хоёр бол яаая гэхсэн бүр долоогийн долоо дордоод найм сэхнэ гэдэг бол нэг амьдралд ай бас л чанга биз. Гэхдээ яг тэгээд салж сарниад, архинд ороод затирчихаад явж байгаа хүнд бол хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг итгэл төрүүлж, гол зогоосон үг юм шиг байгаа юм. Ямар ч байсан илүү нэг сэхнэ гэсэн энэ итгэл хэдэн ч хүнийг хавцал руу хальтарч унахад нь нэмж түлхсэн юм бүү мэд. Хүний сэтгэлээр наадсан их муухай үг дээ. Гэхдээ тартагтаа тулсан үед бурхнаас илүү энэ үгэнд л итгэдэг юм шиг байгаа юм. "Эр хүн долоо дордож найм сэхдэг юм шүү, ах даа ганц таваг хоол аваад өгчих, ахдаа ганц зуун грамм аваад өгчих, ахдаа ганц тамхи өгчих, ахдаа ганц тамхины мөнгө өгчих, ахдаа... ахдаа... ахдаа... ахдаа автобусны мөнгө өгчих" Энэ хэлц үг л хамгийн үнэн байгаасай, тэр үнэн нь даруй даруй даа биелээд дордсон даруйд нь гялс сэхээдэг байгаасай гэж тийм ах нартай таарах бүртээ би боддог. Гэвч тийм байдаггүй. Нэг дордолтоороо тэр чигтээ доошоо явчихсан хүмүүстэй олон уулзаж байсан.  Хэн анх ийм бусдыг уруу татсан үг гаргасан юм бол доо бас л нэг балгачихсан, гэрээсээ хөөгдөөд гудамжинд гарчихсан хүн л зовлонгоо намжаах гэж хэлсэн үг байхаа даа. Тэгээд дэм болсон нь хаа л бол найм дахь сэхэлтээ хүлээсээр нар өөд үзэхгүй амьдрал эцэслэдэг. Насан туршдаа энэ үгээр хоолойгоо чийглэж явдаг.  Аан мэдээж унаж боссон амьдрал туулсан ах нар зөндөө гэхдээ тийм ах нар барагтай болж "эр хүн долоо дордож найм сэхдэг" гэж хэлдэггүй. Тэгэхээр энэ үгийг сэхсэн нь биш дордчихсон яваанууд нь түлхүү хэрэглэдэг юм шиг байгаа юм. Аан харин туг ч барина, тугал ч хариулна гэдэг хаа очиж голтой. Манай туг барьж байгаа, барьдаг байсан дийлэнх хүмүүс хөдөө тугал хариулж байсан гарууд байдаг. Нэг ээлжийн хоолонд ороод дараагийн ээлжний хүмүүст тугаа өгөөд тугалаа хариулдаг. 

Сэтгэгдэл хэсэг