ЭНЭ НАМРЫН ШИНЭ НОМУУДААС

 

  1. Гантөмөрийн Хашбаатар "Яруу феномен"

 

***
Хаалга савахад
Хагарч унасан аяга шиг
Хэнд ч гэмгүй
Охин минь
Аав нь чамайг эвлүүлж сууна
Жаахан далиа исгүүлэх өвдөлтийг мэдэхгүй
Жаахан цагаахан дагина минь
Аав нь чамайг эвийлж сууна
Амьдрал яг л
Чи бидний нуугдаж тоглохтой
Адилхан юм
Хаана байгааг нь мэдэх ч олж болохгүй 
Хамгийн том эрэл хайрыг олоод зогсоно
Охин минь
Аав нь чамайг хайж сууна
Амьдрал яг л
Чиний минь зураг зурахтай 
Адилхан юм 
Хичнээн удаан ширтээд учрыг нь аав нь олохгүй
Хамгийн нууцлаг ертөнц, ээжийн чинь дотоод мэт
Охин минь
Аав нь чамайг хайрлаж сууна
Хаалга нээхэд
Хүзүү тэврэх үр минь
Хамтдаа том болохын тулд
Аав нь чамайг өсгөж сууна...
2019.

***

Хөрш минь үе үе гагнуур хийж
Хүчдэл нь манай тогийг үе үе бүдгэрүүлнэ.
Дадаж дассан тэр мөчид би
Дандаа л ном уншиж таарна.
Тэр нэг өдөр гагнуур хийхэд нь
"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" - г
уншиж суув.
Терезагийн чихэнд радиогоор сонсогдох
Дубчекийн ээрч түгдчин,
чичрэн дуулдах хоолой
Анивчих гэрлийн хугарал мэт,
Ард унах сүүдрийн хөдөлгөөн шиг...
Эвий, бидний амьдрал
Эвлэх ёсгүй зүйлтэй ч
хүчээр холбуулах жамтай...
Аяа...
Хүнд ийм номуудад зориулж
Хөршөөрөө,
төмөр тавиур гагнуулах сан.
2020.




2.Батхүүгийн Батзаяа "Сэтгэцийн асуудлууд" 

 

***
ЦОРГО, БУЙДАН АВСАН ТУХАЙ ШҮЛЭГ
Угаалтууртаа цорго сонгосон тэр өдрийг санаж байна.
Ус дусдаггүй сайныг авсан гэж хааяахан хөөрөвч
уйлж, гомдоллох нь барагдахгүй эхнэртэй хүн чинь,
цонх халтартуулсан бороотой өдрүүдэд
цоргоороо бахархаад сууж байлтай биш дээ.
Буйдан худалдаж авсан тэр өдрийг санаж байна.
Булангийн, модерн, минимал, олон үйлдэлт...
Гутлынхаа улыг эргэтэл явсны эцэст, 
авсан буйдан маань
"гурав дараалсан дажин"-д салж унаагүй билээ.
Салж унадаггүй буйдантай байгаад
сална, явна гэж сагсалздаг эхнэртэй хүн чинь,
буйдхан хорвоогийн гунигтай шөнүүдэд
буйдангаараа омогшиж хэвтэлтэй нь биш дээ.
Хүүхдийн ор авсан өдрөө санаж байна.
Хөвөнтэй орос өлгий, живх, архи...
Халаасаа шавхан эцсийн төгрөгөө сарвайхдаа
харин ч амьдралд талархаж зогссон санагдаж байна.
Аавынхаас хөөгдөж асан өдрүүдийг ч санаж байна.
Амьдарна гэдэг тэр үед
ихээ хол санагддаг байж билээ.
Амьдрал хол биш, уртын урт аялал хойно
ааштай, мартамхай эхнэртэй хүн чинь,
гэм нүгэлтэй минь хамт хайрла* гэж гуйхгүй
"гэтэлж, туулсантай нь хамт үзэн ядаарай" гэж захья
* - Хүнийг гэм нүгэлтэй нь хамт хайрла.
Достоевский


***
Хаашаа ч явсан буцмаар болдог хүнд
ГЭР гэдэг үг,
хаачихаа мэдэхгүй уймарч суугаа хүнд
ЗАМ гэдэг үг,
хүйтэнд НАР гэдэг үг, 
"Хүрээд ир, ороод ир"...
Хүнд нэг, ихдээ л хоёр үг 
цааш алхах, хөл дээрээ босох 
хүч өгдөг дөө.
Гэтэл заримдаа зуун үг байгаад
гэр, зам, нар, зуун дуудлага ирээд
буцмааргүй хэр нь суугаад баймааргүй;
толгой тархи дүйнгэтэн сэнсрээд
будилж төөрч явах сайхан санагдах нь бий.
Тийм үед нэг, хоёр, 
багадаа гурван тэнэг үйлдэл;
түүнийг нь уучилж мэдэхгүй 
ухаантай хэдэн хүн
амьдралыг нураах 
хамгийн амттай арван арга,
аллагатай дүйцэх 
ахиад хэд хэдэн амьдрал
хэрэг болно оо. 



3. Жалан-Аажавын Тэгшзаяа "Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй" 


 

***
Өдөр хэрэв номны нэртэй байсан бол
Өнөөдөр гарцаагүй "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"
Өчигдөр хэрэв номны нэртэй байсан бол
"Хугацаан доторх хугацаа"
Худал хэрэв номны нэртэй байсан бол
"Тэжээвэр"
Харамсал хэрэв номны нэртэй байсан бол
"Сайн уу, гуниг минь"
Хагацал хэрэв номны нэртэй байсан бол
"Баяртай, гуниг минь"
Амар тайван хэрэв номны нэртэй байсан бол
"Ганцаардлын дасгал"
Дурсамж хэрэв номны нэртэй байсан бол
"Алдагдсан цагийн эрэлд"
Мансуурал хэрэв номны нэртэй байсан бол
"Бараг л нэвт харагдах цэнхэр"
Хүсэл хэрэв номны нэртэй байсан бол
"Давалгаа, давалгаа, бас дахин давалгаа"
Залуу нас хэрэв номны нэртэй байсан бол
"Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй"
Хайр хэрэв номны нэртэй байсан бол
"Гоо үзэсгэлэн бол шарх"
Амьдрал хэрэв номны нэртэй байсан бол
"Амгүй ч би хашхирах ёстой"
Чи хэрэв номны нэртэй байсан бол
"Сармагчин бол сармагчин".


***
Хамтдаа хөгжим сонсоцгоох
Ганцаараа гудмаар алхах
Хааяа ээж, эмээ, өвөөгөө санахаар
Салхи шиг амьдармааргүй болох
Үндсээ газарт бат хавсан
Үр жимсээ өгдөг Мод л баймаар
Гэлээ ч гоо сайхан нь
Дуурсаж байхдаа л мэдрэгдээд
Дууссан хойноо ор мөргүй замхардаг
Хөгжим шиг амьдрал 
Хэдэн номнууд маань 
Хэн нэгнийг хүсэх л
Намайг тэжээдэг
Намайг амьд байлгадаг зүйлс
Яавч тэгэхээр ходоод биш
Үе үе үхмээр болтол өвтгөдөг ч
Үргэлжид лугшсаар л байдаг
Өр зүрх минь л... 



4. Хандхүүгийн Нямхишиг "Жийд хэлний бадгууд"


 

***
Тэрлэгнийх нь даавуун товч
Тэнгэрийн салхинд сэмрээд л буй,
Тэгтлээ хүүгээ санаад л буй
Ээж минь дээ,
Явуулын хүнээр хүү нь
Саяны номоо дайсангүй ээ,
Яруу найраг л гэнэ,
Сайхан нь тэнд байсангүй ээ.
Ийм тунгалаг ээжийн
Уруйн ус шиг хүү,
Ивлэж урссанаасаа хойно
Угаадас дайрсан хүү,
Сүүнээс үүссэн бүхнээ
Ээдүүлж орхисон хүү
Сүмийн үүдэнд суугаад
Гэмшиж байна аа, хөөрхий.
Ээж минь та яах вэ дээ,
Эхлэлийг минь хайрлаж байгаа,
Голт зүрхнээс тань эхэлсэн
Гоё сайхныг минь харж байгаа,
Булингартай замаа хүү нь
Буцааж одоохон эвхээд
Бугатын уулан дахь тандаа
Тунгалаг болж очъё доо.


***
Шувуу нисэж байна,
Шуурга сөрөн нисэж байна,
Тэр зовж буй.
Байгалиас хамааралт зовлон
Байх л ёстой зовлон.
Харин, хүнээс хамааралт зовлон
Хагацах ёстой зовлон.
Шувуу торонд байна,
Шулганан жиргэж байна,
Тэр жаргаж буй.
Зовлонгоос хагацна гэдэг
Дасна гэсэн үг.
Зохиолыг нь Будда бичсэн
Дагана гэсэн үг.





5. Ороолонгийн Элбэгтөгс "Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал"


 


***
II
Гар чинь даарвал бээлий болъё
Ганцаардвал унших ном, сонсох хөгжим чинь болъё
Гадуур гарахдаа өмсөх цув, хүрэм чинь болъё
Ганихралдаа сөхөрвөл уух дарс чинь болъё
Тайтгарах үед татах тамхи чинь болъё
Тайвшруулах эм, өдөн дэр чинь болъё
Хамаагүй ээ чиний дэргэд байхын тулд
Ханын шүүгээ, орны бүтээлэг ч болж чадна
Ганцаар баймаар бол гараад л явчихна
Гадаа чинь суугаад хөшөө болчихно
Хөл чинь даарвал оймс болъё
Хөөрөн нисвэл жигүүр чинь болъё
Асгартлаа уйлвал алчуур чинь болъё
Аглаг буйд амьдарвал байшин чинь болъё
Хөнгөн зугаа, хөхүүн инээд чинь болъё
Харанхуйн нойр, сайхан зүүд чинь болъё
Хамаагүй ээ чиний дэргэд байхын тулд
Халуун зуух, зузаан хөнжил ч болж чадна
Цор ганцаар үлдмээр бол гараад л явчихна
Цонхон доор чинь усан оргилуур болчихно
2020.11.19
Ө.О.Э



III
Орон бүхний Супермаркетууд нэгдэгтүн!
Орой үдшээр зугаалах хүмүүсийг нэгжигтүн!
Итгэл найдвар хэмээх хөнөөлт зэвсгийг нь хураа
Идэх хоол өгөлгүй хүйтэн гянданд тураа
Сүжигт бэйсийн хошууны сүүлчийн заргачийн хүү сэн дээ хө
Гучин зургаан насандаа гуниггүй ядуу хочтой доо хө
Хэтэрхий нялуун шүлгийг хэндээ ч гэж бичих вэ дээ хө
Сэтэрхий зүү шиг амьдарлаа гээд хэнээсээ ч ичих вэ дээ хө
Цагаан торгон үгсийгээ хэндээ ч гэж хэлхэх вэ дээ хө
Цал буурал өвгөдтэй цастын оройг булаацалдахгүй ээ хө
Орон бүхний Супермаркетууд нэгдэгтүн
Ор хөнжил, ой дурсамж бүхэнд нь шигдэгтүн
Үүд хаалгыг нь бул чулуугаар дарж хоригло
Зүүд нойрыг нь цул алтаар бүрж ширэглэ
Арван ногоон харахаараа алгаа үрдэг найзтай байлаа хө
Хорин ногоон үзэхээрээ хормойгоо сөхдөг бүсгүйтэй байлаа хө
Нэрмэл гашуун үгсийг хэндээ ч гэж сийлэх вэ хө
Нэгнээ урж хэмлэснээр насыг яаж л барах вэ дээ хө
Хорин хошуу дамжихаар хоньчин охин руугаа яваарай хө
Арван хошуу хэсэхээр адуучин хүү дээрээ очоорой хө 


2023.0

Сэтгэгдэл хэсэг